
Үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь түрээсийн орлого, үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийн ашиг зэрэг болно. Үнэ нь зах зээл дээр өсдөг тул зарим хүмүүс амьдрах орон сууцаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Гэвч зөвхөн амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авснаар бусад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтаас олдог орлого, ашгийг хүртэх боломжгүй юм. Та үл хөдлөх хөрөнгөд шууд, эсвэл хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан хөрөнгө оруулж болно.
Хэрэв та үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар шийдсэн бол хичнээн хэмжээний зардал гаргаж, хичнээн хэмжээний ашиг, орлого (түрээсийн орлого гэх мэт) олохоо сайн тооцох нь зүйтэй. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахтай холбогдон үнэлгээ, хууль, зуучлалын үйлчилгээний хөлс гэх мэт зардал гарахын хамт худалдан авсны дараа үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлууд, түрээсийн орлогод ногдох татвар, хөрөнгийн даатгалын хураамж гэх мэт зардал гардаг. Үл хөдлөх хөрөнгөд хийсэн хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө болгохын тулд та тухайн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагчийн хөлс төлөх гэх мэт нэмэлт зардал гарахын дээр үл хөдлөх хөрөнгийг худалдах нь хялбар биш юм.
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулахын тулд зээл авах
Орон сууц худалдан авахаас илүү түрээслэх зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулан зээл авах нь илүү хэцүү байдаг. Орон сууцны зээлийн нэгэн адил зээлдүүлэгч таны зээлийг эргүүлэн төлөх чадварт илүү анхаардаг.
Хөрөнгө оруулалт хийх зорилгоор зээл авахаасаа өмнө сайн бодоорой. Ашиг олох зорилгоор хөрөнгө оруулалт хийхийн тулд авсан зээлийн нийт зардлаас илүү их орлого олох шаардлагатай болно. Хэрэв хөрөнгө оруулалтаас олсон таны ашиг авсан зээлийн нийт зардлаас бага, эсвэл хөрөнгө оруулснаар алдагдалд орсон бол та хөрөнгө оруулсан мөнгөө алдах төдийгүй авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүй болно. Хөрөнгө оруулалт бүтэлгүй болсон ч та зээлийн хүү, шимтгэлийг төлсөөр байх болно.
Үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалтын эрсдэл
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх нь дараах эрсдэлтэй. Үүнд:
- Ямар нэг шалтгаанаар зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн үнэ унасан үед та үл хөдлөх хөрөнгийг худалдвал үл хөдлөх хөрөнгөө зарсны дараа ч зээлдүүлэгчид өртэй үлдэж болзошгүй.
- Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын зээлийг та орон сууцны зээл авсан банкнаасаа авсан бөгөөд эдгээр зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрвэл тухайн банк таны үл хөдлөх хөрөнгийг хоёуланг хураан авах эрсдэлтэй.
- Зээлийн хүү өссөнөөр, таны үл хөдлөх хөрөнгөөс олох орлого буурах эрсдэлтэй.
Иймд орон сууцны зээлээ аль болох хурдан төлж барагдуулах нь бусад эрсдэлийг бууруулна.
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь хэр их ажиллагаатай вэ?
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах нь банкинд мөнгөө хадгалах, хувьцаа, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулахаас илүү их ажиллагаа шаарддаг. Ихэнх хөрөнгө оруулагчид дараах үйл ажиллагаанд маш их цаг хугацаа зарцуулдаг. Үүнд:
- Худалдан авахад тохиромжтой үл хөдлөх хөрөнгө хайх;
- Түрээслэгчийг хайж олох, тэднийг удирдах;
- Засвар үйлчилгээ, ашиглалтын ажлыг хариуцан хийх.
Үл хөдлөх хөрөнгө хариуцсан менежер хөлслөн ажиллуулах замаар эдгээр ажлыг гүйцэтгүүлж болно. Менежер нь түрээслэгч олж, түрээсийн орлогоо цуглуулж, завсар үйлчилгээний асуудал болон таны өмнөөс түрээслэгчидтэй харилцах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах бусад арга замууд
Үл хөдлөх хөрөнгөд шууд хөрөнгө оруулахаас гадна үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө худалдан авч, худалддаг хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулж болно. Эдгээр сангууд нь оффисын барилга, үйлдвэр үйлчилгээ, дэлгүүр, худалдааны төв гэх мэт өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй байх, эсвэл ийм үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бусад сангуудын хувьцааг эзэмшдэг байж болно. Хөрөнгө оруулагчийн хувьд та түрээсийн орлогоос ашигтай ажиллаж буй эсэх, эсвэл үл хөдлөх хөрөнгө, хувьцаа худалдах замаар ашигтай ажилласан эсэхийг нь хөрөнгө оруулалтын сангийн тайлангаас харж болно. Таныг худалдах үед тухайн сангийн хувьцааны үнэ өссөн байвал та ашиг олох боломжтой.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангууд нь жижиг хөрөнгө оруулагчдад үйлчилгээний зориулалттай олон төрлийн үл хөдлөх хөрөнгө эзэмших боломжийг бүрдүүлдэг. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт, бууралтын цикл нь орон сууцны үнийн өсөлт бууралтын циклээс өөр байдаг.
Эх сурвалж: www.sankhuugiinbolovsrol.mn